Logo

ОУВС, ДБ, АХБ-ны суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

ОУВС, ДБ, АХБ-ны суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт холбогдох албаны хүмүүсийн хамтаар Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс шинэ яамны бүтэц, үйл ажиллагаа, мөн Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, түүний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулан, Эдийн засаг, хөгжлийн яам, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Олон улсын байгууллагуудын зүгээс дээрх зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархаж, ингэснээр Эдийн засаг, хөгжлийн яамтай цаашид хэрхэн хамтран ажиллах зураглалыг гаргах, мөн тэдгээрийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны давхардал үүсэхээс сэргийлж, хоорондын уялдаа холбоог хангах, олон улсын байгууллага тус бүрийн хариуцах чиглэлийг тодорхойлоход илүү ойлгомжтой, тодорхой болж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын хөгжлийн бодлого, макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, худалдааны бодлого, чөлөөт бүс, төр-хувийн хэвшлийн түншлэл, төслийн санхүүжилтийн асуудлуудын хүрээнд шинээр хамтын ажиллагаа эхлүүлэх, одоогоор хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээгээ үргэлжлүүлэх, мөн яамны чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, иймэрхүү хамтарсан уулзалтыг улирал тутам зохион байгуулж, хэрэгжилтийн явцын талаар санал солилцож байх саналыг 3 байгууллагын зүгээс дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт ажил хэрэгч санал тавьж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн 3 байгууллагын Суурин төлөөлөгч нарт талархсанаа илэрхийлж, уулзалтын мөрөөр ярилцаж тохиролцсон асуудлуудынхаа хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн, ойрын хугацаанд эхлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.

Хэрэглэгчийн бүртгэл